Monday, April 14, 2008

Япон дахь Монгол Оюутны Холбоо

Одоогоос хорин зургаан жилийн өмнө тэртээх 1982 онд тухайн үеийн социалист системтэй, хөрөнгөт ертөнцөд хаалттай БНМАУ-аасхуучнаар анхны хэсэг оюутан Япон улсад суралцахаар ирж байлаа. Тэдний дотор одоогийн Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р. Жигжид гуай багтан ирж Японд суралцагч, төгсөгч гэх нэгэн бүлэг хүмүүсийн эхлэлийг тавьж байжээ. Тэгвэл онц цаг улирсаар суралцагч оюутны тоо ч өсөн нэмэгдсээр өдгөө нэгэн мянга гэх тоог даваад байна. Дээд боловсрол, мэргэжлийн сургууль, магистар, доктор гэх боловсролын бүх шат дамжлаганд, эх орондоо хэрэг болох тулгуур болон туслах олон салбарт суралцаж байна.

1996 онд хэсэг оюутан залуус санаа нэгдэн зохион байгуулалтанд орж Япон дахь Монгол Оюутны ХолбооЯМОХ гэдэг байгууллагыг өлгийдөж авснаар, өдгөө тэр нь оюутан төвтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг өнөр гэр бүл болоод байгаа. Бүх оюутнууддаа үйл ажиллагаа, хамрагдах хүрээгээ нээлттэй байлгахыг зорьдог ЯМОХ-ны хувьд 2007-2008 оны хичээлийн жилд түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болсон.

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг хол газар, хүний нутагт бие биедээ харамгүй тусалж, дэмжлэг болж хамтдаа хичээж явах нь оюутан бидэнд хэрэгтэй. Энэ үндсэн чиг хандлагыг барин ЯМОХ үйл ажиллагаагаа явуулж байдаг. Нийгэмд болон хэн нэгэнд хэрэг болохуйц сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаагаараа өдгөө Монгол улсыг Японд төлөөлөх хамгийн том байгууллага юм.

Оюутан залуусыг нийгэмд төлөвшүүлэх, баг-хамт олонч байдал, ажил зохион байгуулалт мөн Японы нийгэмд хүмүүстэй яаж харьцах вэ зэргийг суралцахад оюутны холбоо нэлээд түлхүү ажилладаг.

Энэ ч утгаараа гадаад харилцаа сайжирч Япон-Монголын хамтарсан нийгэмлэг, сайн дурын байгууллагууд, Монголд элэгтэй Япончууд, Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд, Японд төгсөгч монголчуудын “ЖҮГАМО” нэгдэл мөн зарим нэг гадаад улсад суралцагч оюутнуудынхаа адил төстэй байгууллагуудтай хамтран ажилладаг.

“Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэж ардын зүйр үг байх. Тэгвэл Японд суралцагч Монгол оюутнуудын тоо өсөхийн хэрээр, оюутны холбооны үйл ажиллагаа ч дагаад өсдөг. Бас “Саалиа гэхээр саваа бэлд” гэгчээр оюутны холбооны салбар энэ жилээс Кансай мужид байгуулагдаж байгаа билээ. ЯМОХ гэдэг айл өнөр өтгөн болж эх орны ирээдүй болсон залуусаа нэгтгэн нэгэн зүгт чиглүүлэхэд түүний бамбар нь болж явах учиртай. Тэнд идэвхийлэн суралцах, инээмсэглэн уулзалт, итгэл сэтгэл, ирээдүйн зорилгын нэгэн цогц хамтдаа бий.

Японд суралцагч залуу та хэн боловч ЯМОХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн санасан сэдсэнээ бүтээж, хэн нэгэнд хэрэгтэй юм хийж, хаана ч байхгүй зузаан нөхөрлөлийг бий болгон түүнийхээ нэг нь өөрөө байхыг хүсэхгүй гэж үү Хэрэв тэгж боддог бол эргэлзэлгүй хүрээд ир.Таныг алгаа тосоод угтан авна...

Тулганд гал бадарч өөдлөн дэвжихийн цагт хүслийн оргил хязгааргүй өөд дүүлэн тэмүүлнэ

Тэр дүүлэх хүслийн жигүүр хүрэх газар нэг л зорилготой, тэр нь эх орон, түүний ирээдүй

Эх орон хүүгээ хүлээнэ, тэднээсээ ирмүүн зориг, итгэл сэтгэл, ирээдүйн зорилгыг нь........ хүлээнэ

Тиймээ “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон”....Монгол нутаг минь биднийгээ хүлээнэ, бидэнд найдна.

No comments: